ШУТИС, Эрчим хүчний сургууль БНСУ-ын Аж үйлдвэр – их сургуулийн инновац хөгжүүлэлтийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
battumur

   БНСУ-д бүс нутгийн онцлогт тохирсон, аж үйлдвэр- их сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, техник технологийн инновац хөгжүүлэлтийг дэмжих зорилго бүхий 17 төв байдаг.

    2023 оны 11-р сарын 03-ны өдөр БНСУ-ын Эрчим хүчний аж үйлдвэр – их сургуулийн инновац хөгжүүлэлтийн төв (EUICA- Energy valley industry-university convergence agency)-ийн ерөнхий захирал, дээрх 17 төвүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Мукпу их сургуулийн профессор CHAEJOO MOON болон бусад зочид төлөөлөгчид ШУТИС, Эрчим хүчний сургуульд айлчлан ирж, “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ & УХААЛАГ ТЕХНОЛОГИ” сэдэвтэй хамтарсан семинарыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   Энэхүү хамтарсан семинарт Цахилгаан техникийн салбарын профессор Б.Загдхорол, Доктор (Ph.D), дэд профессор,  Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын ахлах багш Г. Мөнгөншагай, Доктор (Ph.D), EIUCA-ын гүйцэтгэх захирал, Kim Young Gon Доктор (Ph.D) нар илтгэл тавьж, хоёр байгууллага өөрсдийн хийж буй судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

 

 

   Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "EIUCA" болон "ШУТИС-ЭХС" хоёр тал технологийн хөгжүүлэлт, инновац, хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэх чиглэлээр дараах хамтын ажиллагааг эхлүүлэхээр ярилцлаа. Үүнд:

  • БНСУ-ын Мукпу их сургуультай хамтарсан Бакалаврын 2+2, Магистрын 1+1 хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Эрчим хүчний ухаалаг сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн орчин үеийн виртуал лаборатори байгуулах,
  • Багш, судлаач, оюутан солилцоо, богино хугацааны сургалт хийх, судалгааны ажил хийхэд тоног төхөөрөмж, сургалтын баазыг хамтран ашиглах,  
  • Эрчим хүчний дэвшилтэт технологийн хөгжүүлэлт, туршилт, шинэ технологийн нэвтрүүлэлтийн чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.

 

   Мөн ИНЕГ-ын харьяа 443 кВт нарны цахилгаан систем, Салхит-50МВт салхин цахилгаан станц, Налайх дүүрэгт байрлах Нар-Салхи-Батерей хуримтлуур бүхий станцаар зочилж, тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцлаа.