Сургалт, эрдэм шинжилгээ

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

   Манай салбарын профессор багш нар нь судалгааны төвүүд, сургалтын материаллаг баазаараа дамжуулан оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилыг олгож, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц инженерүүдийг бэлтгэн, мэдлэг-инновацид суурилсан “судалгаа-үйлчилгээ”-г хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Тус салбар нь 1 эрдэм шинжилгээний төв, 3 мэргэжлийн хөтөлбөрөөр дамжуулан сургалт явуулж байна.

БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ

Цахилгааны инженерчлэл хөтөлбөр

    Цахилгаан станцууд, цахилгаан шугам сүлжээний газрууд, диспетчерийн үндэсний төв, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагуудад цахилгааны инженерээр ажиллаж, системийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, туршилт тохируулга хийх, тухайн үйлдвэр байгууллагын өмнө тавигдаж буй цахилгааны тулгамдсан асуудлыг зохих түвшинд шийдвэрлэж чадна. Мөн цахилгаан системийн ашиглалт тэдгээрийн техник эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх, цахилгаан системийн горимын оновчлол, технологийн шинэчлэлийн бодлого боловсруулах, гадаад дотоодын төслүүд дээр ажиллана.

Цахилгаан хангамж мэргэжил                         

    Олон улсад магадлан итгэмжлэгдсэн энэхүү хөтөлбөр нь үйлдвэр, хот, орон сууц, нийгэм ахуйн зориулалттай төрөл бүрийн цахилгаан хэрэглэгч, тоног төхөөрөмжийг чанартай эрчим хүчээр хангахтай холбогдсон ашиглалт, туршилт тохируулга, шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалтын үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. Цахилгаан энергийн үйлдвэрлэл, хэрэглээний аль ч салбарт ажиллах боломжтой. Европын холбооны бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөнө.

Эрчим хүчний менежмент мэргэжил

     Мэргэжилтнийг эрчим хүчний үйлдвэрийн бүтэц, удирдлага, менежмент, эдийн засаг, санхүү, техник, технологийн үндсийг судалж, онолын хувьд олон улсын жишгийн түвшинд бэлтгэж төгсгөнө. Уг мэргэжлээр төгсөгчид нь эрчим хүчний салбарыг хувьчлах, арилжааны хэлбэрт шилжихэд менежер, эдийн засагч, үйлдвэрийн эдийн засаг эрхэлсэн удирдах албан тушаалд ажиллаж болно.