Түүхэн товчоо

ШИНЭ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

БСШУ-ны сайдын 2002.05.10-ны өдрийн тушаалын дагуу “Сэргээгдэх эрчим хүч” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан 2002/2003 оны хичээлийн жилд эрчим хүчний яамны захиалгаар анхны 25 оюутныг элсүүлэн сургаснаар “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологи”-ийн профессорын баг болон өргөжсөн. Анхны профессорын багийн эрхлэгчээр доктор, проф Х.Энхжаргал багш ажиллаж байсан бөгөөд Сэргээгдэх эрчим хүч профессорын багийн эрхлэгчээр доктор, дэд проф Д.Хишигсайхан багш ажиллаж байлаа.

  • 2014 оны 09-р сарын 01-нээс ШУТИС-д явагдсан бүтэц зохион байгуулалттай уялдуулан “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологи”-ийн профессорын баг нь “ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН САЛБАР”-т Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж ирсэн.
  • 2016 оноос БНХАУ-ын Хойд Хятадын Цахилгаан Эрчим Хүчний Их сургуультай хамтарсан Сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч эхэлсэн.
  • Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Сэргээгдэх эрчим хүч” мэргэжлээр 361 бакалавр, СЭХ 2+2 хөтөлбөрөөр 25, магистр зэрэгтэй 30 бэлтгэн төгсгөсөн нь эрчим хүчний болон бусад салбаруудын төрийн ба төрийн бус байгууллагууд, үйлдвэр компаниуд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшилд амжилттай ажиллаж байна.
  • 2015-03-12-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэр экологийн сургалт-судалгааны полигон”-ыг байгуулсан.
  • Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрөөр сурч байгаа оюутнуудад зориулан, нар, салхи, ус хуримтлуурын цахилгаан станцын горим ажиллагааны лабораторийг 2020 оны 11-р сарын 6-ны өдөр нээсэн бөгөөд оюутнууд Нарны цахилгаан станц, Салхин цахилгаан станц, Усан цахилгаан станцуудын хичээлийн лабораторид ашиглаж байна.
  • Боловсрол хариуцсан төрийн дээд байгууллага болон ШУТИС-ын удирдлага, зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрийг 2008, 2014, 2016, 2023 онуудад нийт 4 удаа шинэчилсэн. Хөтөлбөрийн бодлого, төлөвлөлтийг улам боловсронгуй болгох, сургалтын материаллаг орчин, нөхцөлийг сайжруулах, багшийг хөгжүүлэх талаар өөрт байгаа нөөц, боломжийн хүрээнд амжилттай ажиллаж байна.
  • Монгол улсын их хурлаас баталсан “Алсын хараа-2050”, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 8-р сарын 29-ны өдөр ЭХС-ийн захирлын А/55 тушаалаар Сэргээгдэх эрчим хүчний салбар байгуулах ажлын хэсэг томилогдов.
  • 2023 оны 2-р сарын 6-ны өдрийн ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн дэргэдэх Сургалт, оюутны хөгжлийн дэд зөвлөлийн 100 хувийн саналыг авч 2023 оны 5-р сарын 22-ны өдөр Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбар байгуулагдсан.
  • 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн шинэ хөтөлбөр, шинэ бодлого хэрэгжүүлэн, шинэ хамт олонтой үйл ажиллагаа эхлэн явуулж байна.