Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нь МайМонСоорс (MMS) групптэй хамтарч ШУТИС-ийн Т байрны дээвэр дээр “Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори” байгуулах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа 2024 оны 5-р сарын 14-ний өдөр боллоо.
Хамтран ажиллах гэрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Т.Намнан болон МайМонСоорс (MMS) группын гүйцэтгэх захирал Б.Гантүлхүүр нар гарын үсэг зурснаар уг төсөл хэрэгжих боломж бүрдлээ.
Уг төслийн хүрээнд ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын туршилт, судалгаа гүйцэтгэх лабораторийн материаллаг бааз хөгжиж, онолын мэдлэгийг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан туршилт, судалгааг гүйцэтгэх бүрэн боломж нээгдэх юм.
Энэхүү “Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны цогц лаборатори”-ийн төсөл нь Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлээр бакалавр болон магистрын ангид суралцаж байгаа оюутнуудад орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашиглаж дадлага, туршилт, хэмжилтийн ажлыг хийснээр бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүд нь дэлхий нийтэд өрсөлдөх чадвар бүхий мэдлэг, туршлага, чадвартай мэргэжилтэнг бэлтгэх боломж бүрдэнэ.
MyMonSource ХХК нь уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нийлүүлдэг мэргэжлийн ханган нийлүүлэгч компани юм.
MMS компани нь дэлхийд салбар бүрдээ тэргүүлэгч өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын зах зээлд нийлүүлэхийг зорин ажилладаг бөгөөд одоогоор нийт 23 үйлдвэрлэгч брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.
MMS Group-ийн бүтээн байгуулсан төсөл болох MMS GREEN BUILDING нь Дэлхийн хамгийн нэр хүндтэй LEED ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн дээд ангилал “BD+C PLATINUM” болзлыг хангасан бөгөөд MMS Green Building нь LEED гэрчилгээгээр баталгаажсан МОНГОЛЫН АНХНЫ НОГООН БАРИЛГА болсон.
Цаашид ШУТИС нь ММS Group-тэй хамтран сэргээгдэх эрчим хүчний чадварлаг мэргэжилтэн бэлтгэх талаар санал солилцлоо.