Захирлын мэндчилгээ
Эрчим хүчний салбарын дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн эх орондоо бэлтгэх зорилгоор 1960 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетын дэргэд цахилгааны инженерийн анги нээснээр манай ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН түүх эхэлж, анхны төгсөлтөө 1965 онд хийснээс хойш эдүгээг хүртэл нийт 6000 орчим мэргэжилтэн бэлтгэгдэж улс ардын аж ахуйн бүхий л салбарт манлайлан ажиллаж байна.
Манай багш нар инженер техникийн ажилтан сургаж төгсгөхөөс гадна эрчим хүчний салбарт тулгамдаж буй аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шийдвэрлэх, шинэ дэвшилтэт технологи бий болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэх оюуны өндөр чадвартай бүтээлч хамт олон гэдгээрээ үргэлж бахархаж байдаг билээ. Үүний баталгаа нь тус сургуулийн багш нарын 54 хувь нь эрдмийн зэрэг цолтойгоос ШУА-ын жинхэнэ гишүүн, академич 3, төрийн соёрхолт, гавьяат цолтой 6 багш ажиллаж байна.
Манай сургууль нь эрчим хүчний чиглэлийн 13 мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж ШУТИС-ийн хөгжлийн бодлого зорилтод нийцсэн дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж байна. Сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын технологийг боловсронгуй болгосноор сургалт – эрдэм шинжилгээ – үйлдвэрлэлийн нэгдэл хангагдаж байна. Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн сургалтын төлөвлөгөөгөө байнга шинэчлэн, үйлдвэрлэгчийн сонирхол, шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх нь бидний эрхэм зорилго байх ёстой.
Улс орны нийгэм – эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг оюуны чадамжтайгаар хөгжүүлж улс орныхоо хөгжлийн түүчээ болж ирээдүйгээ авч явах өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, чадварлаг мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд манай сургуулийн эрдмийн хамт олон туслахдаа баяртай байх болно.
Эх орны хөгжлийн эхлэл
Эрчим хүчний салбарт
Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн:
Доктор, профессор Б.Бат-Эрдэнэ