ЭХС-ИЙН ДИС-ЫН “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” МЭРГЭЖЛИЙН АНГИЙН 1-Р КУРСИЙН ОЮУТНУУД ҮР ДҮНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН АРГАЗҮЙН ХҮРЭЭНД МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГЭЭ ТАЙЛАГНАЛАА.
ganbii

ЭХС-ИЙН ДИС-ЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” МЭРГЭЖЛИЙН АНГИЙН 1-Р КУРСИЙН ОЮУТНУУД ҮР ДҮНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН АРГАЗҮЙН ХҮРЭЭНД МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГЭЭ ТАЙЛАГНАЛАА.

 

ШУТИС нь Монголын дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд “Олон улсын инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлж дэлхийн тавцанд өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэн гаргахаар зорин ажиллаж байгаа билээ.

Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын “Сэргээгдэх эрчим хүч”  мэргэжлийн I курсын оюутнууд  2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд үзэж, судалсан “I.TE102-СЭХ-ний мэргэжлийн удиртгал” хичээлийн сургалтын үр дүнгээ 2017 оны 12-р сарын 22-ны өдөр эрдэмтэн багш нар болон оюутан, залуучуудад өөрсдийн багаар хийж  гүйцэтгэсэн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулан танилцуулав. Цаашид энэхүү үр дүнд суурилсан сургалтын аргазүйг сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэшүүлэх болон мэргэжлийн хичээлүүдэд харилцан уялдаатайгаар нэвтрүүлэх боломж бүрэлдэж байна.

 

Тус үзэсгэлэн дээр сэргээгдэх эх үүсвэрээр ажиллах энгийн болон шинэлэг хийц, загвартай дараах 9 бүтээлүүд тавигдав. Үүнд:

  1. Нараар ус цэнгэгжүүлэх төхөөрөмжийн хийц
  2. Нарны агаар халаагуурын хийц
  3. Параболь ойлгогчтой нарны коллекторын хийц
  4. Нарны зуухын хийц
  5. Бага оврын салхин туннелийн хийц
  6. Босоо тэнхлэгтэй салхин турбины хийц
  7. Хэвтээ тэнхлэгтэй салхин турбины хийц
  8. Фрезнелийн ойлгогч бүхий нарны коллекторын хийц
  9. Хөвөгч усан турбины хийц зэрэг болно.

СЭХ-ний мэргэжлийн удиртгал хичээлийг 53 оюутан сонгон судлаж, ахлах багш док(Ph.D) О.Бавуудорж, О.Батжаргал нар удирдан явуулсан байна. Тус хичээлээр  оюутнууд багуудад хуваагдан, зохион бүтээх төсөл бичиж, өөрсдийн гаргасан загвар хийцийн дагуу түүхий эд материалуудыг цуглуулан, тухайн төхөөрөмжүүдээ биетээр хийсэн байна. Ийнхүү тус хичээлийг судалснаар оюутнуудад мэргэжилдээ улам илүү дур сонирхолтой болох, багаар ажиллах, хувь хүний, харилцааны, зохион бүтээх ур чадваруудыг олгох анхны алхам тавигдсан болно.

          ЭХС-ийн профессор багш нар, оюутан суралцагчиддаа шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, сургалт судалгааны ажилд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье.